ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай сургууль байгуулагдаад 20 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд бид сургалт, судалгааны чиглэлийг даяаршиж буй орчин үеийн зах зээлийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох, сургалтын шинэ менежмент, тохилог орчинг бүрдүүлэх талаар нилээд их ажил хийсэн.
Бидний “Монос” коллежоос Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болтлоо хөгжсөн ололт амжилт бүхэнд үе үеийн удирдлага, чадварлаг багш, ажилчид болон суралцагчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Сургалтын байгууллагын хамгийн үнэт зүйл нь чадварлаг багш, ажилтнаас бүрдсэн нэгдмэл зорилго бүхий хамт олон байдаг. Эдгээр хамт олны өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөгдөх шаардлагатай сургуулийн дүрэм журам, хэм хэмжээг та бүхэндээ толилуулж байна. Үүний зэрэгцээ сургуулийн бүтэц зохион байгуулалт, түүхэн уламжлал, хамт олныхоо тухай мэдээллийг мөн энэхүү эмхтгэлдээ оруулсан.
Бид сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, професоор багшийг аттестатчиллах журам, багшийн хөдөлмөр, түүнийг тооцож дүгнэх журам, магистрын сургалт явуулах журам, “Жилийн тэргүүний хамт олон” шалгаруулах журам, “ Жилийн тэргүүний багш шалгаруулах журам” Төгсөлтийн дараах сургалтын журам, Сургуулийн эмчийн ажиллах журам, “Зөвлөх багшийн ажиллах журам” гэх мэт бүгд 20 гаруй дүрэм, журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн эмхэтгэлдээ оруулсан. Уг эмхэтгэл нь та бүгдийг Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд ажиллах хугацааны өдөр тутмын үйл ажиллагаанд тань гол хөтөч болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү “Багш ажилтны хөтөч” эмхэтгэлийг та бүхэн болгоон, өдөр тутмын ажилдаа мөрдөх, ширээнийхээ ном болгохын зэрэгцээ засах, сайжруулах талаар санал хүсэлтээ харамгүй ирүүлэхийг хүсэж байна. Бид та бүгдийн санал, хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, шинэчлэн сайжруулна.

Багш, ажилтан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, хөгжил дэвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.

ЭЗШУИС-ийн захирал, МАУА-ийн гишүүн- Академич, Эм зүйн ухааны доктор (Ph.D),
Профессор ЛУВСАНДОРЖИЙН ЦЭРЭНДУЛАМ



ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн үүсгэн байгуулагчийн зүгээс сургуулиа төлөөлөн та бүхэнтэй мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
Одоогоос 20 жилийн өмнө манай орны эм зүйн салбарын мэргэжилтний зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бид олж харан Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийг үүсгэн байгуулсан.
Ийнхүү монголын анхны хувийн хэвшлийн эм зүйн мэргэжлийн их сургууль бий болсон түүхтэй.
Энэ хугацаанд сургуулийн сургалтын болон дадлагын орчныг “Монос” группийн эм судлалын хүрээлэн, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд, гадаадын эмийн пүүсүүдийн төлөөлөгчийн газрууд, эмийн ургамлын ботаникийн цэцэрлэгээр бүрдүүлж, тэдгээрийг суралцагсдын мэдлэг олж, ур чадваржих, хандлага төлөвших түшиц газрууд болгон хөгжүүлсэн.
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь 16 удаагийн төгсөлтөөр нийт 1500 гаруй диплом, бакалавр, магистрын зэрэгтэй эм зүйч бэлтгэн гаргасан. Тэд Монголын эм зүйчдийн нэгэн хэсэг болж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байна. Манай сургууль нь эм зүйн боловсролыг эх орныхоо эрүүл мэндийн салбарт хөгжүүлж, олон шинэ эмийн стандарт, технологийг нэвтрүүлж буй төрийн шагналт, академич, эрдэмтэдээр ахлуулсан багшлах хүний нөөц бүрдүүлсэн бөгөөд цаашид эм зүйн салбарыг олон улсын жишигт хүргэхээр зорьж байна.
“Монос” групп багш, оюутнуудын хөгжлийг байнга дэмжин, сургуулийн сурах орчныг тасралтгүй сайжруулан ажилласаар ирсэн. “Монос” групп олон улсын GMP (Good Manufacturing Practice) шаардлага бүрэн хангасан, дэлхийн жишигт нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор (эм судлалын хүрээлэн, эм, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрүүд г.м) байгуулах төслийг Европын Сэргээн Босголтын Хөгжлийн Банкны дэмжлэгтэй хэрэгжүүлжсэн нь багш, оюутнуудад үр өгөөж өгч, ур чадваржих шинэ орчин бүрдсэн.
Ингээд багш, ажилтан та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, МАУА-ийн гишүүн- Академич, Эм зүйн ухааны доктор (Ph.D), Профессор
ЛУВСАНГИЙН ХҮРЭЛБААТАР